Monday, January 18, 2010

Европоос бичсэн тэмдэглэл

Европын Америкаас ялгарах онцлог нь эдийн засгийн өсөлт, мөнгөнөөс илүү амралт, амьдралын таашаалыг илүү үнэлдэг мөн өгөөмөр нийгмийн хамгааллын системийн ачаар боловсрол, эрүүл мэнд зэргийг бэл бэнчингээс нь үл хамааран хүн болгонд хүргэж чадсан байдагт оршино. Франц, Герман зэрэг баруун Европын оронд ажиллах цагийн хэмжээ, жилд амрах хоногийн тоо Америкаас хавьгүй дээр. Европт өдрийн 8 цагийн ажил, жилд нэг сарын амралт норм байдаг бол эдгээр нь Америкт, ялангуяа хувийн секторт дундажаар 10 цаг, 2 долоо хоног тус тус байх жишээтэй. Европын хооллох соёл бургер, шарсан төмсний эх орон болох Америкаас тэс ондоо. Венецийн захын ресторанд олж болох шинэ загасны зоог, паста, дарсыг бүхэл бүтэн Америкийн хэдхэн хотод л олж болно. Францын энгийн 5 ам бүлтэй айлын оройн зоог доод тал нь 4-н курс, 2-3 шил дарстай бараг 1 цаг 30 минут үргэлжилдэг байхад Америк айл нэг янзын хоолоо устай хагас цагт зооглох нь энгийн үзэгдэл.

Эдийн засгийн хувьд Америк Европоос хөгжил хувьсалын хувьд харьцангуй хурдацтай. Америкт нэг хүнд ногдох ДНБ-н хэмжээ дундажаар $47,000 байхад Англид $36,000, Германд $35,000, Францад $34,000 байдаг. Орлогын татвар Америкт 28%-тай байхад Европт 36-44%. Олон эдийн засагчид Европын өндөр татварын хэмжээ нь тодорхой хэмжээгээр ажиллах урамшуулалт болон баялаг бүтээх чадварыг бууруулдаг гэдэг. Мөн Америкийн xөдөлмөрийн зах зээлийн уян хатан байдал нь бизнест зах зээлийн өөрчлөлттэй зэрэгцэн түргэн хувьсах боломжийг олгодог бөгөөд хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчидийн холбоог тогтоосон өндөр хөгжилтэй капитал маркет нь ашигийг юунаас түрүүнд дээдлэх философийг бий болгосон бна. Дэлхийд тэргүүлэх Америк компануудад амжилтыг өндөр үнэлдэг, үр дүн муутай нөхцөлд 2 дахь боломжийг олгодоггүй менежментийн аргачлал тогтсон нь энэрэнгүй нийгэмд хачирхалтай үзэгдэл. Зарим газар нийт ажиллах хүчнийхээ хамгийн муу үр дүнтэй доод талын 10%-г байнга сольдог нь ажилаа алдсан хүний болон ар гэрийнхнийх нь амьдралд яаж тусдаг, цаашилбал нийгмийн ямар хор уршигийг бий болгодогийг тооцоогүй статистикийн хүйтэн дүрэм мэт. Гэвч үүнтэй зэрэгцээд бизнесийн уян хатан байдал, татварын хөнгөлөлт, урамшуулалт зэрэг нь Америкийг Европтой харьцуулахад шинийг санаачлалт /entrepreneurship/, технологийн дэвшилээр илүү хөгжилтэй динамик эдийн засагтай болгосон бна..

Эцэст нь дүгнэхэд техник технологийн өндөр хөгжилийн үр дүнд өнөөдрийн ажилчин 100-н жилийн өмнөх хэдэн арван ажилчидийн хийх хэмжээний ажилийг ганцаараа хийх хэмжээнд хүрсэн бөгөөд энэ дэвшилийг улам их баялаг мөнгөнд зориулах уу эсвэл нэг заяах амьдралаа амралт, таашаалаар дүүрэн байлгахад зориулах уу гэдэг дээр Америк, Европын зөрөө тодрох шиг.