Saturday, December 26, 2009

Алт Зэсний Үнэ Унах уу?

Дөнгөж нэг жилийн өмнө 1 тонн зэсийн үнэ $3300 орчим байсан бол одоо бараг $7000 болон өсчээ. Харин унц алтны үнэ энэ хугацаанд $850 орчмоос $1200 болсон бна. Монголын эдийн засгийн хөгжлийг тодорхойлох түүхий эдийн экспортын гол бүтээгдэхүүнүүд болох эдгээр металын үнийн өсөлт бодит эрэлтээр бий болсон тууштай хандлага уу эсвэл удахгүй унах зохиомол үзэгдэл үү гэдэг нь сонирхолтой. Өнгөрсэн 12 сард хямралаас үүдэн зэсийн үнэ хэт унасан байсан нь буцаад өсөх шалтгаан болсон хэдий ч хямралыг далласан жилүүдэд зэсийн үнэ нэлээд өндөрт хүрсэн байсан нь өнгөрсөн жилийн уналтанд нөлөөлсөн нь дамжиггүй. Ямар ч байсан ойрын ирээдүйд зэсийн үнэ хэр байхаас шалтгаалж монголын эдийн засаг хурдтай өсөх, төгрөгийн ханш буцаад чангарах эсэх нь шийдэгдэх байх.


Метал болон бусад түүхий эдийн үнийн огцом өсөлтүүдийн ард хэд хэдэн шалтгаан байгаа бөгөөд үүнд долларын ханшны уналт, дэлхийн улс төр эдийн засгийн хүчний тэнхлэгийг эргүүлэх болсон BRIC-н улсууд буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятадын эдийн засгийн тэлэлт, мөн харьцангуй ихсэх болсон түүхий эдээр барьцаалагдсан хөрөнгө оруулалтын хэрэгсэлүүдийг нэрлэж болно. Хэдийгээр долларын ханшны уналт түүхийн эдийн үнийг өсөхөд тодорхой нөлөө үзүүлсэн ч энэ нь харьцангуй бага хэмжээтэй бсан бна. Тухайлбал долларын ханш өнгөрсөн жилд евротой харьцуулахад 8% төдий л унасан байхад алт зэсний үнэ даруй 200%, 40%-р өсчээ. Тэгэхээр дээр дурдсан бусад шалтгаанууд металийн үнийн өсөлттэй илүү ач холбогдолтой байгаа нь ойлгомжтой.

BRIC-н улсуудаас дэлхийн тэр тусмаа монголын эдийн засагт хамгийн их ач холбогдолтой нь Хятад бөгөөд хямралаас болон уналтанд орсон барууны эрэлт хэрэгцээг өөрийн зах зээлдээ бий болгохоор 600 гаруй тэрбүм долларын дотоодын хөрөнгө оруулалтыг дэд бүтэцээр тэргүүлсэн олон салбарт хийн түүхий эдийн зах зээлийн үнийг тодорхойлж байгаа гэхэд болно. Хятадын өнгөрсөн 9 сарын худалдааны мэдээллээс харахад төмрийн хүдэр, зэс, никел зэрэг түүхий эдийн импорт хамгийн их өссөн бөгөөд зэсийн импорт өнгөрсөн оны мөн үеээс даруй 90% өсөн 2.6 сая тоннд хүрсэн бна.

Гэвч Хятадын эдийн засаг төрийн оролцоотойгоор явагдаж байгаа хөрөнгө оруулалтаар сэргэж байгаа бөгөөд зэсийн импортын хэт өсөлтөд суурь эрэлтийн бус харин үнийн огцом өсөлт болон мөнгөний сул бодлогоос үүдэн асар их хэмжээний зэс худалдан авах болсон хөрөнгө оруулагчдын нөлөө илүү байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл их хэмжээний мөнгө эсвэл зээлийн эх үүсвэртэй металийн чээнжүүд зэсийн импортыг хиймлээр дэвэргэж бна гэсэн үг. Саяхан Bloomberg-р Хятадын металийн импортын ихэнхийг эзэлдэг худалдааны татваргүй агуулахууд дахь зэсийн хэмжээ 350,000 тонн гарсан мөн 7-н сараас хойш тус улсын дотоодын зах зээл дэхь цэвэр зэсний үнэ Лондонгийн биржийн үнээс бага байгаа нь ирэх жил зэсийг эргээд экспортлох магадлалтай болгож бна гэж мэдээлжээ. Түүнчлэн JP Morgan Security-н Лондон дэхь захирал Martin Squires төрийн бус байгууллагуудын зэсийн нөөц 600-700 мянтан тонн хүрсэн байж болзошгүй бөгөөд энэ нь зэсийн эрэлт болон импортыг ирэх жилээс буулгах хандлагатай гэсэн бна.

Тэгвэл мөнгөний сул бодлогын уршигаар Хятадад бодит хөрөнгийн болон үнэт цаасны bubble буюу үнийн хий хөөрөгдөлт болж байгаа нь 90-д оны Японы банк санхүүгийн хямралыг давтахад хүргэж болзошгүй юм. Энэ тохиолдолд эдийн засгийн өсөлт огцом удааширч хувийн бизнесүүдийн зээлжих чадвар алга болж улмаар бодит хөрөнгө, үнэт цаас, түүхий эд зэргийн үнэ унаж Хятадын эдийн засаг нэг ёсны дефляцад орно гэсэн үг. Financial Times-т мэдээлснээр энэ жилийн эхний 9 сард Хятадын засгийн газар банкуудаар дамжуулан 1260 орчим тэрбүм долларын зээлийг олгосон бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс даруй 149% өссөн байгаа нь эдийн засгийг хэт халааж Хятадын засгийн газрыг мөнгөний бодлогыг аажмаар чангатгаж эхлүүлэхэд хүргэж бна гэжээ.

Нөгөө талаас алтны үнэ сүүлийн 5 жил тасралтгүй маш ихээр өссөн нь төв банкуудын долларт итгэх итгэл багассан, бизнес болон хувь хүмүүс алтыг шууд худалдан авч хөрөнгө оруулах хэрэгсэл мэтээр ашиглах болсон, мөн дилерүүдийн алтны үнийн зөрүүнээс ашиг олох арилжаа хэт ихэссэн зэргээс болсон байх. Энэ талаар Ганзориг сонирхолтой нийтлэл бичсэнийг эндээс уншиж болно. Миний бодлоор одоог хүртэл доллар, евро, иен зэрэг тэргүүлэх валютуудын хүүгийн хэмжээ маш бага байгаа нь энэ байдлыг хэт дэвэргэхэд хүргэсэн бөгөөд ямар ч байсан 12 сараас хойш алтны үнэ унах хандлага ажиглагдсан нь түүний үнэ зах зээлийн бодит үнэнээс тун дээгүүр гарсан байсныг илтгэж бна.

Хэрэглэсэн материалууд:

1 comment:

  1. tegvel tsaashdaa zes altnii une unahnee. mongold tiim taatai bhgui ni ee

    ReplyDelete