Monday, December 14, 2009

Наран Улсын Ирээдүй

Эдийн засагчдын дунд Японы гайхамшиг хэмээн нэрлэгддэг 60-80д оны үсрэнгүй хөгжил, техник технологийн өндөр амжилт, дэлхийд нэр алдартай брэнд бүтээгдэхүүн болон компаниуд гээд Япон улсын талаар хүн болгон андахгүй. Байгалийн баялаг ховор, газар нутгийн хэмжээгээр хязгаарлагдмал хэдий ч ДНБ-н хэмжээгээр 2-т бичигддэг Японы хөгжил дэвшилийн хурдацыг олон хүмүүс гайхан бахддаг ч чухам энэ эдийн засгийн толгой эргэм хурд нь Японы эдийн засгийг 90-д оны үед гүнзгий хямралд оруулсан гэх нь бий. Ямар ч байсан Японы банк санхүүгийн хямрал түүний дараа үргэлжилсэн 10 гаруй жилийн эдийн засгийн хөгжлийн сааралт, одоо тулгарч байгаа макро бэрхшээлүүд гээд олон зүйл өнөөдөр энэ улсын ирээдүйг бүрхэг харагдуулж бна. Саяхан энд багшилдаг Япон профессор эдгээр олон эдийн засгийн бэрхшээлүүд Япон хүний өөдрөг сэтгэлгээ, ирээдүйд итгэх итгэлийг алга болгож, хувиа хичээсэн, бусдыг хүндэтгэж сураагүй бүхэл бүтэн шинэ үеийг бий болгосон гэж харамсан ярьж билээ. Тэгвэл энэ нийтлэлдээ Японы эдийн засгийн сааралтыг авчирсан 90д оны санхүүгийн их хямрал, одоо тулгараад байгаа ажиллах хүч, улсын өр, дийлдэхгүй болж байгаа нийгмийн хамгааллын систем зэрэг олон бэрхшээлүүдийн талаар бичлээ.

Юуны өмнө Японы алдагдсан 10 жил гэж нэрлэгддэг 90д оны эдийн засгийн саармагжилтыг авчирсан банк санхүүгийн хямралын талаар хэдэн үг хэлье. Өнөөдрийн хямралын мөн адил Японы эдийн засгийн уналт банк санхүүгийн салбарт эхэлсэн бөгөөд тогтвортой хөгжлийн үндэс нь мөнгөний эргэлт биш үр ашигтай бодит үйлчилгээ болон бүтээгдэхүүн гэдгийг мартан өр зээлний хэмжээгүй өсөлтийг хазаарлаж чадаагүй эрх баригчид болон богино хугацааны ашиг харсан банкныхны харалган бодлогоос үүсвэртэй гэхэд болно. 80-д оны сүүлээр 20 гаруй жил суга өсөн хэмжээгээрээ дэлхийд 2т бичигдэж удахгүй Америкийг ч тэргүүлэхээр харагдах болсон Японы эдийн засагт итгэх итгэл, инфляцын бага төвшин зэрэг нь рискийг доод хэмжээнд хүргэж улмаар банк санхүүгийн байгууллагуудын өр зээлийн хэмжээг нэмэгдүүлж эхэлжээ. Мөн энэ үед төрөөс санхүүгийн системийг чөлөөлөх бодлого явуулж эхэлсэн бөгөөд хувийн бизнес байгууллагуудыг бонд, үнэт цаас, болон бусад активаар хөрөнгө босгохыг зөвшөөрөн, олгогдох зээлийн бодит хэмжээг ч их өсгөж. Системийн чөлөөлөлтөөр банк санхүүгийн байгууллагуудын өрсөлдөөн нэмэгдэж риск ихтэй зээлийн эзлэх хувь, ялангуяа бодит хөрөнгийн, болон жижиг бизнесийн мөнгөний эргэлтэнд бус бодит болон бодит бус хөрөнгөд тулгуурласан зээл эрс нэмэгдсэн бна. Ийм байдлаар зохиомлоор хэт өссөн хөрөнгийн биржийн хувьцаанууд 90 оны дундуур уналтанд орон улмаар үнийн өсөлтийг тогтоохоор бодлогын хүүгээ өндөрсгөн, зээлийн хяналтыг чангалсан Японы төв банкны цагаа олоогүй үйлдлүүдээс болж 92 оноос эхлэн бодит хөрөнгийн үнэ огцом унаж хямралын эхийг тавьжээ. Өөрсдийн хувьцааны үнийн уналт мөн бодит хөрөнгө дээр тулгуурласан их хэмжээний чанаргүй зээл гэсэн давхар цохилтонд орсон банк санхүүгийн байгууллагууд 97 он гэхэд шил шилээ даран шууд бусаар төрийн мэдэлд орон улмаар Японы засгийн газрын явуулсан оновчгүй бодлогуудын улмаас бие даах чадваргүй нүсэр том зомби банкнууд болон хувирсан нь хямралыг сунжруулах гол шалтгаан болж. Энэ хямралаас хойш Японы эдийн засаг дорвитой сэхэж чадаагүй бөгөөд хөгжлийн хурдаар АНУ, Европын ард ДНБ-н дөнгөж 2% гаруй өсөлтөөр 2007 оны хямралыг хүргэжээ.

Эдгээрээс дүгнэхэд Японы эдийн засгийн ирээдүй нэлээд бүрхэг байгаа бөгөөд үүн дээр нэмээд эрчимтэй агшиж байгаа ажиллах хүч, асар олноороо нэмэгдэж байгаа өндөр настнуудын тэтгэвэр, эрүүл мэнд болон асрамжийн зардал нь ДНБ-нээсээ даруй 20% гаруй их хэмжээтэй болсон засгийн өрийг улам даймжруулах нь ойлгомжтой. Тухайлбал өнөөдөр Японд 65-с дээш настнууд 20-с доош настай залуучуудаас хол давсан бөгөөд ирэх 20 жилд нийт хүн ам дөнгөж хэдхэн саяар багасах бөгөөд харин ажиллах хүчний хэмжээ 11 сая буюу 14%-р хоргодох тооцоо гарчээ. Үүнтэй зэрэгцээд Японы бизнесийг дэмжих орчин, хууль дүрмүүд хөгжингүй орнууд дундаас хамгийн хүнд сурталтай, болхидоо ордог бөгөөд энэ нь шинийг санаачлах, гадны хөрөнгийг татаx зэрэг эдийн засгийн гол хөшүүргүүдийг хангалттай хазаарладаг бна.

Энэxүү эдийн засгийн таагүй нөхцөлүүдийн улмаас аль хэдийн бараг 0%-д хүрсэн бодлогын хүүгийн хэмжээг ахин буулгаж мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх боломжгүй болсон бөгөөд энэ нь эдийн засагчдын дунд Японы мөнгөний гүйлгээний хавх (Japanese liquidity trap) гээч сонин үзэгдэлийг бий болгоод байгаа юм. Зарим эдийн засагчдын үзэж байгаагаар Японы эдийн засгийг их хэмжээний инфляц л халааж амь оруулах бололцоотой гэх нь Япончуудад эдийн засгийн тогтвортой саармагжилтаас үүсэх ирээдүйн хүнд хямрал, эсвэл амьдралынхаа төвшингийн мэдэгдэхүйц бууралтаар олох эдийн засгийн өсөлт хоёрын аль нэгийг л сонгох сонголттой тулгарсан гэснээс ялгаагүй юм.

Хэрэглэсэн материалууд:

1 comment: