Saturday, November 28, 2009

Дубайн Дампуурал буюу Санхүүгийн Сургамж

Элсэн цөлд дэхь цанын бааз, дэлхийн хамгийн өндөр цамхаг, хиймэл арал зэргээрээ алдаршсан Арабын Нэгдсэн Эмиратын Дубай муж өчигдөр өрөө цагт нь төлөх боломжгүйгээ мэдэгдэж дэлхийн санхүүгийн системийг гэнэт доргиов. Хэдийгээр жижиг биендээ ихдсэн 80 гаруй тэрбүм долларын өртэй ч дэлхийн санхүүгийн системийн өчүүхэн хэсэг болох Дубайгаас гарсан энэ мэдээ Токио, Шанхайгаас эхлээд Лондон, НьюИоркын хөрөнгийн биржийн индексүүдийг хэдэн хувиар унагасан нь даяарчлалын үеийн санхүүгийн тогтолцооны нягт холбоо түүнийг дагасан эмзэг байдлыг тод харууллаа. Одоогоор мэдэгдэж байгаагаар Дубайн өрнөөс болоод дампуурахаар бие даасан том санхүүгийн байгууллага байхгүй бөгөөд өрийн дийлэнх эх үүсвэр нь Европын банкуудаар тараалттай байгаа сурагтай. Харин олны сандарч тэвдсэний гол шалтгаан нь Эмиратын өөр нэг муж болох газрын тосоор баян АбуДаби Дубайн өрийг даатгах талаар чимээгүй суух болсонд байгаа юм. Өөрөөр хэлбэл төр Дубайн өрийг бүрэн даатгаагүй нөхцөлд энэ муж дампуурахаас өөр аргагүй болох бөгөөд энэ тохиолдолд Ирланд, Грек, тэгээд цаашилбал зүүн Европын өрөнд баригдсан жижиг улсууд бас дампуурахад Европын холбоо чимээгүй гүрийгээд өнгөрч бас болох нь гэсэн бодол хөрөнгө оруулагчдын толгойг зовоосон байна. Эцэст нь хэлэхэд өнгөрсөн жил АНУ болон баруун Европын акулууд болсон олон том санхүүгийн байгууллагууд яг ийм байдлаар дампуурлын ирмэг дээр тулахад дэлхийн санхүүгийн системийг сүйрлээс хамгаалах нэрийдлээр төр нь тас аваад гарсан бол одоо жижигхэн жарайхаануудыг санхүүгийн хайхрамжгүй үйлдлийн сургамж нэрийдлээр золионд гаргах болж байна.

Monday, November 23, 2009

Дэлхийн ДНБ


1969-2009 оны дэлхийн бодит (инфляцыг тооцсон) ДНБ-н бүрэлдэхүүнийг харуулсан график гарсныг энд тавилаа. Дэлхийн ДНБ 1969 оноос хойш бараг 3 дахин өссөн бөгөөд энэ хугацаанд АНУ-н хувь ойролцоогоор тогтмол 25% байсан бол Азийн эзлэх хувь 15%-с 25% хүртэл өссөн бна.

Sunday, November 22, 2009

Даяарчлалын эдийн засгийн тэнцвэрт бус байдал

Хятадын гадаад худалдааны нэг талт өндөр ашиг, дотоодын хэт хэмнэлт, АНУ-н хэмжээгүй хэрэглээний эдийн засаг түүгээр бий болсон хувийн болон улсын асар их өр нь даяарчлалын эдийн засагт тулгарч байгаа хамгийн том сорилтуудын нэг болоод байна. Дэлхийн ямар ч өнцөг буланд явсан байдаг Хятадад үйлдвэрлэв гэсэн шошготой бараа таваар үүнтэй зэрэгцээд бий болоод байгаа Хятадын хамгийн томд тооцогдох долларын нөөц нь үүний бодитой илэрхийлэл. Харин Хятадын эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг болох үйлдвэрлэлийн төв болсон зүүн өмнөд эргийн хотууд тэдгээрийг хямд ажиллах хүчээр хангах хүний нөөц болсон орон нутгийн ядуу мужууд нь энэ системийг тэжээж байгаа юм. Гэвч хямралаар нэлээд суларсан Америкийн эдийн засаг түүнийг дагасан өндөр ажилгүйдэл болон Обамагийн бодлогын үр дүнд улам өссөн засгийн газрын их өр зэрэг нь энэхүү тэнцвэрт бус байдлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болгоод байна. АНУ болон Европын холбоо Хятадыг юаний бусад валюттай харьцах ханшийг чөлөөлж улмаар дотоодынхоо зах зээлийг бүрэн нээхийг удаа дараа шаардах болсон нь ч үүнтэй холбоотой.

Тэгвэл дэлхийн эдийн засгийг буцааж сэргээх улмаар өсөлтийг зогсолтгүй үргэлжлүүлэхийн тулд өрөнд баригдсан Америкийн биш харин Хятадын дотоодын хэрэглэгчдийн хэтэвчийг онгойлгох хэрэгтэй байгаа юм. Мэдээж энэ нь Хятадын засгийн газар ард түмэндээ эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн бодит үр ашигийг хэр амжилттай хүргэхээс шууд шалтгаална. Харин Хятадууд эдийн засгаа сэргээхийн тулд дотооддоо засгийн газрын санхүүжилттэй дэд бүтцийн олон төслүүд хэрэгжүүлж байгаа хэдий ч энгийн ард түмнийх нь бодит орлого түүнийгээ дагаад худалдан авах чадвар нь дээшлээгүй нөхцөлд дээр дурьдсан тэнцвэрт бус байдал бодитой сайжрахгүй нь ойлгомжтой. Жишээлэхэд асар өндөр үнэтэй дэлхийд нэгт бичигдэхээр хурдан галт тэрэгний систем, богино хугацаанд бодит эрэлтээр бус хиймлээр байгуулагдсан бүхэл бүтэн хоосон хот зэрэг нь эдийн засгийн оновчтой бус бодлогын илэрхийлэл мэт. Харин ч одоогийн явуулж байгаа бодлого нь эдийн засгийг хиймлээр өсгөж түүхий эдийн үнийн хөөргөдөлтийг бий болгох муу талтай бөгөөд хямралаас хойш үнэ нь унаад байсан газрын тос, зэс болон бусад металийн үнэ хэдхэн сарын дотор буцаад суга өссөн нь үүнийг баталж байна.

Төгсгөлд нь хэлэхэд Хятадын засгийн газрын АНУ болон барууны орнуудын хэрэглэгчдийг хүлээх мэт түр зуурын эдийн засгийн бодлого тун удалгүй төрийн сангийн мөнгө нь дундрахаар зогсох нь дамжиггүй бөгөөд тэр цагт барууны эрэлтэнд тулгуурлаагүй дотоодын заx зээлийг бий болгох зайлшгүй шаардлага гарах нь ээ.

Please see the following articles for more on this subject:

Monday, November 16, 2009

Обамагийн Хямралаас Гарах Бодлого

Хямралаас түргэн гарахын тулд Обамагийн явуулж байгаа бодлогуудын гол суурь нь өнгөрсөн 2-р сард баталсан 787 тэрбүм долларын өртөгтэй эдийн засгаа эрчимжүүлэх төсөл юм. Өөрөөр хэлбэл хямралын гол шалтгаан болсон банк санхүүгийн гацаанаас болж эрс багассан хувь хүн болон бизнесүүдийн хоорондын мөнгөний урсгалыг эдийн засгийн эрэлтээр дамжуулан (demand sided) эргэж татах гэсэн оролдлого. Мэдээж энэ нь 2 жилийн өмнө эхэлсэн их хямралыг тасралтгүй 20 гаруй жил үргэлжилсэн хэт либерал эдийн засгийн бодлогын хар гай гэх үзэл бодол нэлээд газар авснаас үүдсэн байх. Гэвч Обамагийн төсөл ДНБ-н уналтыг зогсоосон хэдий ч ажилгүйдэл улам газар авсаар. Тэгвэл засгийн газрын оролцоотойгоор эдийн засгийн эргэлтийг сайжруулах гэсэн асар өндөр өртөгтэй энэ бодлогын цаана Кенсийн Эрэлтээр Дагнасан Үзэл Бодол (Keynesian Demand Sided Macroeconomics) нуугдаж байна. Товчхон хэлэхэд энэ нь нийгмийн эмзэг болон дунд зэрэглэлд орохоор орлоготой хүмүүсийг нийгмийн халамжийн бодлого, татварын урамшуулалт зэргээр дамжуулан мөнгөжүүлж түүгээр бий болсон хэрэглээний эрэлтийн дагуу эдийн засгаа сэргээх бодлого юм. Дээр өгүүлснээр Обамагийн эдийн засгийн бодлого нь энэ үзэл бодлоор чиглэгдэж байгаа бөгөөд засгийн газрын шууд оролцоотойгоор эрэлтийг бий болгохын тулд доорх бодит зүйлүүд хийгдэж бна:

1) Ажилгүйдлийн тэтгэлэг - хальт харахад ядуучууддаа бэлэн мөнгө тараах энэрэнгүй төрийн бодлого мэт ч энэ нь эдийн засгийн баялгийг нийтэд хувиарлах түүгээр дамжуулан хүмүүсийн худалдан авах чадварыг сайжруулж эдийн засгийг сэргээх зориулалттай.

2) Шинэ машин болон байшин авах татварын урамшуулалт - мөн л хүмүүсийн амьдралыг тэтгэх гэсэн буяны ажилаасаа илүү мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх гэсэн богино хугацааны бодлого. Богино хугацааных гэсний учир нь эдгээр бодлого нь хэт удаан үргэлжилбэл эдийн засгийг сэргээх үйлчлэл нь байхгүй болж харин цэвэр буяны ажил болж болох талтай.

3) Засгийн газраас санхүүжүүлсэн дэд бүтэц, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн төслүүд - эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд хувийн болон төрийн аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлж тэдгээрээр дамжуулан ирээдүйн хөгжлийн үндсийг бэхжүүлэх мөн ажилгүйдлийг буулгаж авах гэсэн бодлого.

Одоогоор Обамагийн бодлогo эдийн засгийн сэргэлтийг хурдасгаж, ажилгүйдлийг буулгаж чадахгүй байгааг энэ үзэл бодлыг дэмжигчид засгийн газрын төслийн мөнгө хангалтгүй байснааc үүдсэн гэх нь бий. Харин үүнийг эсэргүүцэгчдийн үзэж байгаагаар засгийн газрын хэт их оролцоотой, хувийн бизнест халтай энэ бодлого нь төсвийн алдагдалыг ихэсгэж тэр хэмжээгээрээ хөрөнгө оруулалт болон ажилийн байрны эх үүсвэр болох нийгмийн дээд давхаргын татварыг нэмэгдүүлж улмаар АНУ-г социалист эдийн засагтай болгоход хүргэж нь бна. Өөрөөр хэлбэл либерал эдийн засагчдын хувьд засгийн газрын бодит оролцоог аль болох бага байлгаж, нийгмийн дээд давхаргын татварыг буулгаж улмаар тэднээр дамжуулан хөрөнгө оруулалт болон ажилийн байрыг бий болгох нь хямралаас гараx ганц гарц юм.

Tuesday, November 10, 2009

Зөрүүд Хятад

Хятадууд юаний ханшийг доллартай хүчээр барьж байдгийг хэн хүнгүй мэднэ. Өөрөөр хэлбэл олон улсын худалдааны тэнцвэрт байдал, дотоодын эдийн засгийн бусадтай харьцуулах хэмжээ зэргээс үл хамааран хар зах дээр супер чээнж маягийн үүрэг гүйцэтгэдэг гүрэн. Мэдээж хөгжлөөр дорой гадна дотноос орж гарч байдаг мөнгөний хэт хэлбэлзлийг дааж чадахааргүй ядуу орон байсан бол нэг хэрэг. Гэтэл эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд удахгүй 2-т орох гэж байгаа, хөгжлийнхөө хурд хүчээр хэний ч ард орохооргүй үүгээрээ ч бахархдаг их гүрний хувьд тоглоомын дүрмийг зөрчиж нэг ёсны булхай хийж бусдын хоолыг булаах нь даан ч зохисгүй. Тэгвэл дэлхийн зах зээл дээр үнэ нь унаж байгаа доллартай өөрийн валютыг уяснаар Хятадууд нэг ёсондоо юаны үнийг зориудаар унагаж Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хүчээр хямдхан барьж байдаг нь үүнтэй ялгаагүй. Мэдээж АНУ, Европ ажилгүйдэл нь дээд цэгтээ хүрсэн, эрэлт маш бага хэмжээтэй болсон эдийн засагтай үедээ Хятадын супер чээнжийн бодлогыг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой. Даан ч дэлхийн худалдааны байгууллагатай адилхан олон улсын валютын ханшийг зохицуулдаг байгууллага байхгүйгээс хойш Хятадын энэ бодлого худалдааны дайнд биш юмаа гэхэд бага зэргийн сөргөлдөөнд хүргэж буурай хөгжилтэй Монгол мэтийн улс хоморгонд нь шороо үмхэх магадлалтай нь харамсалтай.

Sunday, November 8, 2009

Шагнах уу Урамшуулах уу?

Хүмүүс ямар нөхцөлд шинийг санаачилж үр бүтээлтэй, эрчимтэй байдагийг тодруулахаар саяхан сэтгэл судлаачид нэгэн сонирхолтой судалгаа явуулсныг энд толилуулъя. Судалгаанд тэд 2 бүлэг хүмүүст лаа, шүдэнз, хатгуур (1-р зураг) зэргийг өгөөд лаагаа ханан дээр тогтоох даалгавар өгчээ. Тэгэхдээ даалгавараа эхний бүлэг хүмүүст шагналгүй сайн дурын судалгаа гэж ойлгуулсан бол нөгөө бүлэгт үүнийг биелүүлсэн тохиолдолд хэр хурдтай байснаас нь шалгаруулаад мөнгөн шагналтай гэсэн бна.
Хүмүүс лааг хатгуураар тогтоох гэж бас тосоор нь ханан дээр наах гэж олон оролдлого хийсний эцэст нэлээд хугацаа өнгөрсөний дараа зөв хариултыг олж чаджээ (2-р зураг). Сонирхолтой нь судалгааны дүн гарахад дундажаар шагналгүй бүлэг нь шагналтай бүлгээс шийдэлийг хамаагүй түргэн хугацаанд олж. Тэгвэл судалгааны 2-р хэсэгт хатгууруудыг савнаас нь гаргаад (3-р зураг) дахин 2 бүлэг хүмүүст дээр дурдсан даалгаварыг өгөхөд бүx хүмүүсийн шийдэлд хүрэх хугацаа нь хамаагүй хурдассан бөгөөд харин энэ удаад шагналтай бүлэг нь шагналгүй бүлгийг тэргүүлсэн бна.


Эрдэмтэд судалгааны үр дүнг тайлбарлахдаа шагналт байтай нөхцөлд хүмүүс зөвхөн бодитой үр дүнд хүрэхэд бүх идэвхээ зориулдаг бөгөөд энэ нөхцөлд механик сэтгэлгээ нь сэтгэн бодох чадвараа давамгайлдаг гэжээ. Өөрөөр хэлбэл шинийг санаачлах болон сэтгэн бодох чадвар шаардагдсан нөхцөлд хичнээн өндөр шагнал амласан ч хүний бүтээлч чанар сайжирдаггүй бөгөөд харин ч энэ нь амжилтанд хүрэх хугацааг удаашруулах нь.
Үүнтэй төстэй бусад судалгаануудын үр дүн ижил гарсан бөгөөд хүмүүст ямар нэг тодорхой даалгавар том амлалттай өгснөөс аль болох чөлөөтэй байлгаж, өөрийн дуртай зүйлд ирч хүчээ зориулахыг нь дэмжвэл санаанд ормооргүй амжилт гаргадаг бна. Тэгээд ч cүүлийн үеийн технологийн олон компаниуд шинийг санаачлах идэвхийг нь дээшлүүлэхийн тулд ажилчидаа нийт ажилын цагийнхаа тодорхой хувийг өөрийн дуртай бие даасан прожектонд зориулахыг уриалах болжээ. Жишээ нь Google-н инженерүүд ажилын цагийнхаа 20%-г компаний бус өөрийн сонирхолтой зүйлд зарцуулдаг бөгөөд бидний танил болсон GMail, Google News зэрэг олон бүтээгдэхүүн ийм байдлаар анх бий болсон бна.

For more information please see the following:

Friday, November 6, 2009

АНУ-д Ажилгүйдэл 10.2%-д Хүрлээ

Өнөөдөр өглөө ажилгүйдэл эдийн засагчдын бодож байснаас хавьгүй их 10.2%-д хүрсэн албан ёсны мэдээ гарлаа. Өөрөөр хэлбэл АНУ-д одоогоор 16 сая орчим хүн ажилийн байр хайж бна гэсэн үг. 1983 оноос хойш ажилгүйдэл энэ төвшинд хүрч байгаагүй бөгөөд 20-д оны хямралыг эс тооцвол зөвхөн 1974 оны хямрал одоогийн хямралтай дүйцэхээр бсан бна. Тэгвэл эдгээр хямралуудын дараа эдийн засгийн өсөлт хэр хэмжээтэй байж ажилгүйдэлийг буулгаж авсан нь сонирхолтой. Саяхан нобелийн шагналт эдийн засагч Paul Krugman өөрийн блогт үүнийг харуулсан график тавьсныг доор үзүүллээ. Үүнд харуулснаар АНУ-н ДНБ 70 оны хямралын дараах улиралуудад 3-9% өссөн бол 80 оны хямралын дараа бүр хурдтай 5-9% өссөн бна. Тэгвэл өнгөрсөн улиралын ДНБ-н 3.5% өсөлт ийм өндөр хэмжээний ажилгүйдэлийг буулгахад хангалтгүй нь ойлгомжтой бөгөөд дараачийн улиралын өсөлт үүнээс хавьгүй дээр гарахгүй бол хямрал нэлээн сунжрах нь гарцаагүй боллоо.

Thursday, November 5, 2009

Долларын ирээдүй (үргэлжлэл)

Өмнөх мэдээлэл дээрээ нэмээд саяхан уншcaн номныхоо (Bad Money by Kevin Phillips) нэг бүлэгт долларын хэрхэн дэлхийн гол нөөцийн валют болсон болон одоогийн дэлхийн улс төр эдийн засгийн хүчин зүйлсийн долларт үзүүлж бгаа нөлөөний талаар бичсэнийг энд эмхтгэхийг оролдлоо.

1971 онд АНУ долларын алтан стандартыг төгсгөл болгосоноор долларын ханш харьцангуй чөлөөтэй болж улмаар валютын дамын наймааны зах зээл нээгдсэн бна.
1974 онд Саудийн Араб бүх газрын тосныхоо гүйлгээг доллараар явуулах, улмаар түүгээрээ АНУ-н төрийн сангийн бондыг худалдаж авч байхаар АНУ-тай тохирчээ.
2006 он: 30-н жилийн дараа АНУ-н Иракийн газрын тосны олборлолтонд хяналтаа тавих гэсэн дайны үйл ажиллагаа бүтэлгүйтэж 5-xaн жилийн дотор баррел газрын тосны үнэ $25-с $100 болж өсөв. Үүний улмаас ОПЕК болон ОXУ ойролцоогоор $3000 гаруй тэрбүм долларын ашиг олсон гэж тооцоолсон бна.
2007 он гэхэд дэлхийн газрын тосны бүх нөөцийн 80% нь Арамко (Сауди), Роснефт (ОХУ), ПДВСА (Венесуэль) зэрэг төрийн мэдлийн компаниудын гарт орж.
Үүнтэй зэрэгцээд 20-р зууны үйлдвэрлэл болон мэдээллийн технологийн их нүүдлийн (outsourcing) улмаас АНУ-н Хятад, Энэтхэг, болон зүүн өмнөд Азийн орнуудтай хийх худалдааны тэнцэтгэл өндөр алдагдалтай байх болж тэдгээр улсуудын төрийн сангийн долларын хэмжээг урьд байгаагүйгээр өсгөхөд хүргэв.

Тэгвэл эдгээр хүчин зүйлс АМ долларын ханшийг их хэмжээгээр унагаж болохоор дараах нөхцөлүүдийг бий болгожээ:
- Дээр дурдсан улсуудын төрийн сангийнхаа долларын нөөцийг багасгах гэсэн бодлого
- Хятад болон Арабын улсууд валютынхаа ханшийг доллараас чөлөөлөх гэсэн нөxцөлд
- Газрын тосны гүйлгээг доллараар хийхийг зогсоосон тохиолдолд
- Доллараар баян улсууд төрийн сангийнхаа бодлогоор дамжуулан өөрсдийн валютыг хамгаалах эсвэл бусад орны валютыг унагах гэсэн оролдлого

Wednesday, November 4, 2009

Их Хямралын Дүр Зураг

Саяхан одоогийн хямралыг 20-д оны үеийн эдийн засгийн уналттай харьцуулсан дэлхийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний индексийн график гарсаныг доор харууллаа. Кенсийн онолын нөлөөтэй төрийн машиний дэмжлэгээр явуулсан эдийн засгийн бодлого энд илэрхий.


For more information please see:

Tuesday, November 3, 2009

Долларын Зуурдын Уналт буюу Хямралын 2-р Үе

Эдийн засгаа сэргээх гэсэн АНУ-н засгийн газраас явуулж байгаа мөнгөний сул бодлогын үр дүнд долларын ханш нэлээд унаж байгаа тухай урьд нь мэдээлсэн билээ. Тэгвэл саяхан New York-н Их Сургуулийн эдийн засгийн профессор Nouriel Roubini долларын сулралтаас үүсч байгаа санхүүгийн шинэ хөөрөгдөлтийн (bubble) талаар анхааруулж бичжээ. Түүний үзэж байгаагаар carry trade буюу валютын хүүгийн зөрүүгээр санхүүжүүлсэн xөрөнгө оруулалтын хэмжээ шинэ хөөрөгдөлтийн суурь болоод байгаа юм бна. Одоогийн байдлаар АНУ-н төв банкны бодлогын xүү нь 0.25% байгаа бөгөөд хэрвээ долларын бусад валюттай харьцах уналтыг нь тооцвол нэг ёсондоо долларын зээлийн хүү нь хасах байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ хоёр хүчин зүйлсийг өөрчлөгдөөгүй тохиолдолд доллараар риск өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх нь өндөр ашигтай байх болно. Тэгвэл хэргийн гол нь эдгээр түр зуурын зээлээр бий болсон риск ихтэй хөрөнгө оруулалтын хэмжээ хэт богино хугацаанд маш их өссөнд байгаа юм. Жишээлэхэд өнгөрсөн жилийн дотор хөгжиж байгаа улсуудын тухайлбал Орос, Бразил, Тайвань, Сологосын хөрөнгийн биржийн гол индексүүд АНУ-ынхаас даруй 3-5 дахин илүү өссөн бна. Харамсалтай нь хэзээ нэг цагт доларын бусад валюттай харьцах ханш тогтворжих нь ойлгомжтой бөгөөд АНУ-н төв банкны мөнгөний сул бодлого ч хязгааргүй үргэлжлэхгүй. Мэдээж аль ч тохиолдолд дээр дурдсан мөнгөний урсгал эргэх бөгөөд улмаар хиймлээр өссөн капиталын үнэ огцом унаж олон мянган банк санхүүгийн байгууллага өндөр алдагдалд орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл сүүлийн 10 гаруй жил тасралтгүй өссөн АНУ-н бодит хөрөнгийн үнийн хөөрөгдөлт нь одоогийн эдийн засгийн хямралыг далласан бол үүнээс гарах гэсэн макро эдийн засгийн бодлого хөгжиж байгаа орнуудад хиймэл үнийн хөөрөгдөлтийг бий болгож дараачийн буюу хямралын 2-р үе эхлэх нь.

Please see the following articles on this subject:

Sunday, November 1, 2009

Баясал Гуниг буюу Сэтгэлийн Хөдөлгөөн

Cүүлийн үед аз жаргал (happiness) гэж чухам юу болох, тэр нь хүмүүс бид нарын оюун ухаан, сэтгэлийн xөдөлгөөнтэй ямар холбоотойг биологийн болон сэтгэл зүйн эрдэмтэд их судалж байгаа юм. Хувьсалын сэтгэл судлал (evolutionary psychology) нь энэ 2 салбарын огтлолцол бөгөөд саяхан аз жаргалын талаар нэгэн сонирхолтой зүйл олсоноо энд толилуулж бна.

Хүн олон мянган жилийн хувьсалын үр дүнд эерэг сөрөг гэсэн 2 янзын сэтгэлийн хөдөлгөөний нэг ёсны дархлаатай болсон бна. Мэдээжээр хүний уур хилэн, хардалт, атаархалт зэрэг сөрөг мэдрэхүйнүүд нь эерэг мэдрэхүйнүүдээсээ олон дахин хүчтэй байдаг бөгөөд энэ нь хүнийг гэнэт бий болсон бодит аюулаас хамгаалах зориулалттай түргэний систем юм. Жишээ нь чулуун зэвсэгийн үед агуйд амьдарч байсан Доржоогийн хувьд хоол хүнсээ бусадтай булаалдах, өөрийн үр удмыг хойшид үлдээх, бусдаасаа түрүүнд өөрийгөө бодох зэрэг нь амьд үлдэх үгүйтэй нь шууд холбоотой байсан нь ойлгомжтой. Харин түүний бусдын хөгийн явдалд сэтгэл ханах ёж, өөрийнхөө эм болох Дулмаагийн үзэсгэлэн гоог бишрэх сэтгэл, эсвэл байгалийн хүч чадлыг мэдрэх сонирхол зэрэг нь амь насанд нь төдий л чухал байсангүй. Тэгвэл мянга мянган жил бидний оюун санааг програмчилсан эдгээр хүчин зүйлс өнөөдөр биднийг сөрөг мэдрэxүйдээ маш эмзэг ханддаг болгож орхижээ. Hийгмийн өндөр хөгжилөөр бий болсон хүмүүсийн амьдралын харьцангуй таатай нөхцөл нь эдгээр сөрөг мэдрэхүйн хэрэгцээг багасгасан бөгөөд харин ч сэтгэлээр хэт унах, гуниглах зэрэг хүний эрүүл мэндийг хорлох муу нөлөө нь ач туснаасаа илүү болсон бна.

Нэлээд хэдэн жилийн өмнө эрдэмтэд баяр баясгаланг мэдрэх систем нь хүний тархиний мэдээлэл боловсруулж шийдвэр гаргах хэсэгт допамин гэгч химийн бодисоор тохируулагддагыг олж нээсэн бөгөөд энэ нь хүний ямар нэг зүйлээс таашаал авахад ихээр ялгардагыг мөн баталсан бна. Тэгвэл чухам ямар зүйл бидэнд аз жаргалыг мэдрүүлдэг нь орчин үеийн сэтгэл судлалын чухал асуултуудын нэг болжээ. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар байгаль орчин болон хүмүүсийн үзэсгэлэн гоо хүнд таашаал авчирдаг бна. Жишээ нь мэс засалд орсон хүмүүст хийсэн судалгаагаар гадагшаа цэцэрлэг рүү харсан том цонхтой өрөөнд байгаа өвчтөнгүүдийн эдгэх хугацаа нь статистикийн хувьд бусдаасаа богино байдгийг тогтоожээ. Мөн хүмүүс спортоор хичээллэх, шинэ орчинд орох, хайртай дотно хүмүүсийнхээ талаар бодох зэрэг сэтгэл санаагаа өөрөөсөө хөндийрүүлсэн үедээ баяр баясалыг илүү мэдэрдэг бна. Үүнтэй зэрэгцээд хүний эерэг мэдрэхүйнүүд хоорондоо зөрчилдөх тохиолдол гардгийг бас санахад илүүдэхгүй. Жишээ нь нөхөн үржихтэй холбоотой романтик мэдрэмж (допаминээр дамжиж тархинд мэдрэгддэг), аль нэгэнд тачаангуйдан дурлах хүсэл (хормоны нөлөөгөөр), мөн ямар нэг хүнд сэтгэл татагдах дасал зэрэг нь заавал нэг хүний төлөө байх албагүй бөгөөд үүнтэй холбоотойгоор бий болсон сэтгэлийн дотоод зөрчилдөөнүүд хүнд сөрөг мэдрэмж гаргаж болох нь.

For more information please see this interesting lecture by Nancy Etcoff, psychologist at Harvard Medical School:

http://www.ted.com/talks/nancy_etcoff_on_happiness_and_why_we_want_it.html