Friday, October 30, 2009

ДНБ-н Зэрэглээ


АНУ-н ДНБ саяны өнгөрдөг улиралаар (7-9-р сард) жилийн үзүүлэлтээр 3.5% өсчээ. Үүнийг дагаад хэдэн өдөр хэвлэлээр 20-д оны хямралаас хойш гарж байгаагүй их эдийн засгийн уналт төгсгөл боллоо гэж баахан шуугив. Гэвч ДНБ нь орчин үеийн эдийн засгийн гол тулгуур болсон олон үзүүлэлтийг хамаардаггүй нэлээд хуучны статистикийн хэмжүүр юм. Тухайлбал энэ нь технологийн судалгаа шинжилгээ, шинэ бүтээгдэхүүнд гараx зардал, ажилчидийн бэлтэл/боловсруулалт зэрэг бодит бус хөрөнгө оруулалтанд гарах өөрчлөлтийг хэмждэггүй бна. Зарим судлаачдын үзэж байгаагаар хямралын ид үед үйлдвэр тоног төхөөрөмж зэрэг бодит хөрөнгө оруулалтын хэмжээ 20% орчим унасан бөгөөд хэрвээ бодит бус хөрөнгө оруулалт төдий хэмжээгээр унасан бол ДНБ-ний өсөлт даруй 1.5%-р бага байх байсан бна. Сонирхолтой нь бодит бус хөрөнгө оруулалтын хэмжээ одоог хүртэл сайн өсч чадахгүй байгаа бөгөөд харин ч хувийн хэвшлийн бизнесүүд технологийн судалгаа шинжилгээнд зарцуулах зардлаа улам багасгасаар байгаа нь их хямралын төгсгөлийн талаар ярихад арай ч болоогүй байгааг илтгэнэ.

Thursday, October 29, 2009

Хүний Хөгжлийн Индекс


Саяхан АНУ-н Легатум Институтээс хүний хөгжил буюу амьдралын төвшингийн талаарх олон улсуудыг харьцуулсан судалгаа гарсан бна. Энэ судалгаагаар хүний хөгжил/амьдралын төвшинг 9-н нэр бүхий зуйл дээр тулгуурлан гаргажээ. Скандинавын орнууд болон Канад, Австрали хамгийн дээгүүрт бичигдсэн бол сүүлийн 10-н 8 нь Африкийн орнууд бна. Сонирхуулахад Монгол 100 гаруй улсаас 50-д бичигдсэн бөгөөд энэ нь манай хөршүүд болох Орос (#69), Хятадаас (#75) нэлээд дээгүүрт оржээ.


For more information please see:

Wednesday, October 28, 2009

АМ Долларын Ирээдүй

Дэлхийн эдийн засаг хямралаас гарахын дагуу АМ $-н бусад валюттай харьцах ханш унаж байгааг хэн бүхэн мэдэж байгаа. Жишээлэхэд өнгөрсөн 12 сарын хугацаанд $-н евротой харьцах ханш 18%, японы иентэй харьцах ханш бараг 20% суларсан бна. Энэ байдал харин хэнд тустай хэнд хортойг нарийн тодорхойлоход хэцүү. Юун түрүүнд $-н ханш унахад АНУ-н бараа таваарын гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж улмаар АНУ-д дотоодын үйлдвэрлэл хөгжих мөн гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт ихсэх зэрэг таатай нөхцөл нэмэгдэнэ. Мэдээж үүнтэй зэрэгцээд валют нь их өсөөд байгаа улсуудад эсрэг нөлөө гарах нь дамжиггүй. Эдийн засагчдын нийтлэг узэл бодлын хувьд дараах нөхцөлүүд $-н ханшийг унахад түлхүү нөлөө үзүүлж бна:
- Эдийн засгийн сэргэлттэй зэрэгцэж хөрөнгө оруулагчид маш бага рисктэй гэгдэх АМ $-с татгалзаж мөнгөө өндөр ашигтай бизнес рүү оруулах хандлага (ж: хөгжиж байгаа орны зах зээлд)
- АНУ-н төсвийн тэнцвэргүй байдал болон гадаад худалдааны алдагдалын $-т муугаар нөлөөлөх урт хугацааны хандлага
Харин өөрийн төсвийн алдагдал болон олон улсын эдийн засгийн тэнцвэрт байдлыг ул ойшоох мэт тасралтгүй мөнгө хэвлэх АНУ-н бодлого эдийн засагчдыг төөрөгдүүлж бна. Эцэст нь хэлэхэд ойрийн хугацаанд $-н ханшны уналт нь АНУ болон $-той ханшаа уясан улсуудын (Хятад, Арабын улсууд г.м.) эдийн засагт сэргээш маягийн нөлөө үзүүлэх бөгөөд харин үүний төлбөрийг нь Европ, Австрали, Япон зэрэг улсууд төлөх болж бна. Мэдээжээр $-н ханш хэт унавал инфляц ихсэж АНУ-н дотоодын эдийн засагт муугаар нөлөөлж эхлэх бөгөөд энэ нь мөн $-р валютын нөөцөө бүрдүүлдэг орнуудын ашиг сонирхлыг хөндөж эхлэнэ. Харин урт хугацааны инфляцтай холбоотой сөрөг нөлөөг хязгаарлахгүй бол АНУ-н эдийн засаг улмаар $-т итгэх итгэлийн хандлага суларч болох нь.
For more information please see:

Tuesday, October 27, 2009

Хятадын Хурдан Галт Тэрэг ба Гахайн Фермерүүд

Би саяхан Хятадын эдийн засгийн сэргэлттэй холбоотой нэгэн сонирхолтой нийтлэлийг олж уншсанаа энд сонирхуулж бна. Энэ өдрүүдэд гадаад дотоодын олон хэвлэлүүд Хятадын эдийн засгийн сэргэлт болон түүний дэлхий нийтийг хамарсан энэ хямралаас түргэн гаргах сайн нөлөөг шуугин бичиж байгаа билээ. Мэдээжээр энэ бол Хятадын засгийн газрын явуулж байгаа мөнгөний бодлого, тухайлбал эдийн засгаа сэргээх 600 орчим тэрбүм $-н дотоодын хөрөнгө оруулалтын үр дүн юм. Тэгвэл энэ сэргэлтийн цаана бодитоор эдийн засгийн ямар унацтай зуйл бий болж байгаа нь олны анхаарлыг татаж бна. Жишээ нь ирэх 2 жилд дэд бүтэцээ хөгжүүлэх гэж 200 гаруй тэрбүм $-г хурдан галт тэрэг барихад зориулсан бөгөөд тэр нь удахгүй Хятадыг дэлхийн хамгийн том хурдан галт тэрэгний системтэй болгох нь. Гэтэл хятадын нэг хүнд оногдох ДНБ нь барууны орнуудын хаана нь ч хүрдэггүй бөгөөд энгийн Хятад иргэн сарынхаа орлогын нэлээд хэсгийг хурдан галт тэрэгний билетэнд үрэхгүй нь ойлгомжтой. Тэгвэл энэ бодлогын үр дүн нь улсаас санхүүжүүлсэн асар үнэтэй хамгийн орчин үеийн тэр хэмжээний том алдагдалтай систем болж бна. Үүний үр нөлөөгөөр Хятад иргэдийн бодит орлогын болон түүнийг дагаад зарцуулалтын өсөлт буурах бөгөөд энэ нь дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдал тухайлбал барууны хэт зарцуулалт болон Азийн хэт хэмнэлтийг гааршуулахад нөлөөлөх нь дамжиггүй.

For more information on this article please visit: